Түүхэн замнал

Түүхэн замнал

Монгол Улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.

1235 онд Хубилай хааны санаачлагаар морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол улсад анхны тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон гэж үздэг.

Монголд орчин үеийн механикжсан тээврийн хэрэгсэл XX зууны эхэн үеэс нэвтэрч, 1921 онд ардын хувьсгалын жилүүдэд тээврийн үүргийг үндсэндээ морин өртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа.

1925 онд монголын анхны тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж  монголын авто тээврийн байгууллагын тулгын чулуу тавигджээ. 

1929 онд Монгол трансын дэргэд ачааны 3 автомашиныг тоноглож “Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зорчигч тээврийн үндэс тавигджээ. Энэ үеэс зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах хөдлөх бүрэлдэхүүнийг зорчигч урсгалд тохируулан сонгох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд бие даасан хяналт шалгалтын албыг бий болгох, зорчигч урсгалын иж бүрэн судалгаа хийх, үнэ тариф, цалин хөлсний системийг боловсронгуй болгох, жолооч кондуктор, техникийн ажилтан, ажилчдыг тусгай курс сургуулиар бэлтгэх замаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн систем бүрэлдэн тогтсон билээ.

1940 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Зам тээврийн яамыг байгуулж төрөл бүрийн тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлж удирдах болсон. Нийслэлийн авто аж ахуйнуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, төрөлжүүлэн төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 141 дүгээр тушаалаар Улаанбаатар Хотын Тээврийг Удирдах газар байгуулагдсан. Тээврийг удирдах газрын харьяанд автобус, такси, мэргэжилтэнд үйлчлэх авто бааз, тээвэр түлш хангамжийн нэгдсэн болон хот нийгэм хангамжийн авто баазуудыг шилжүүлэн нэгтгэж, нийслэлийн байгууллага, иргэдийн  хэрэгцээнд зориулж ачаа, ахуйн тээврийн үйлчилгээ, ус хүнсний ногооны зэрэг тээвэрлэлтийн төрөлжсөн үйлчилгээний авто аж ахуйнуудыг  байгуулж ажиллуулсан байна. 1987 онд хотын тээврийн системд троллейбуны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм.

Тээврийн салбар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж төрийн өмчит Автобус-1 компани, Автобус-2 компани, Автобус-3 компани, Цахилгаан тээвэр компани нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зонхилох хэсгийг гүйцэтгэж байсан болно.

Нийслэлийн иргэд, оршин суугчдын байнга өсөн нэмэгдэж байгаа нийтийн хэрэгцээний зорчигч тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах үйлчилгээг  зохион байгуулах, зохицуулах, тухайн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын шийдвэрээр 1997 онд Хотын Тээвэр зохицуулалтын газар, 2001 онд  Хотын Тээврийн газар, 2002 онд Нийслэлийн Зам, Тээврийн газар,  2004 онд Нийслэлийн Тээвэр зохицуулалтын газар, 2006 оны 196 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 621 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газар,  Нийслэлийн Засаг Даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар Нийслэлийн Нийтийн Тээврийн газар болон зохион байгуулагджээ.

Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг байсан билээ.

Уг ажлыг хийж хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам, Тээврийн сайд, Нийслэлийн Засаг Дарга нар зам, тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичигт тусгагдсан.

НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан билээ.

Нийтийн Тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлтийн ёслол 2015 оны 07 сарын 24-ны өдөр болсноор албан ёсоор Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн билээ.