Улаанбаатарчууд алтан цомын эзэн боллоо.

Мэдээ мэдээлэл
Улаанбаатарчууд алтан цомын эзэн боллоо.

31 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийн дундах шилдгүүдийг тодруулдаг “International Arch of Europe Award” арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, мэдээллийн болон Цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлээд байгаа “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь “Golden Category” буюу “Олон Улсын чанарын алтан цом”-ыг хүртлээ.

Шагнал хүртэх байгууллагуудыг “Business Initiative Directions /BID/” байгууллагын сонгон шалгаруулах хорооноос явуулсан судалгааны үр дүнд болон өмнө нь шагнал гардан авч байсан ялагч нараас санал хураах зарчмаар сонгон шалгаруулдаг юм.

Чанарын шаардлага стандартаараа дэлхийд тэргүүлдэг европын холбооны босгыг давж тус нэр хүндтэй шагналыг авахад Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Тээврийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, Нийслэлийн иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд тус шагнал нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн юм.

Төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргасан шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлэн нутагшуулах хамтарсан төслийн хувьд Монгол Улсаас анх удаа тус шагналыг хүртлээ. Мөн энэ жил тээврийн салбарын 92 жилийн ой, Нийслэлчүүд цахим картаар төлбөрөө төлж эхэлсний 2 жилийн ойн тохиож байна.